Логик...

2009-9-23

Боловсрол ба эгоизм

Ангилал: БусаД

Өнөөгийн дэлхий дахинд боловсрол эзэмших, эзэмшүүлэх үйл явц нилээн нарийн төвөгтэй болсоор байна. Хэдэн жилийн өмнө “шавь төвтэй сургалт” гэж их ярьдаг байлаа. Багш зөвхөн удирдах, чиглүүлэх үүрэг гүйцэтгэнэ, харин сурагч өөрөө бие даан бүхнийг хийх үүрэгтэй гэсэн үг л дээ. Үүнээс өмнө бол “багш төвтэй сургалт” давамгайлж байсан гэж үздэг. Багш сурагчиддаа мэдлэг өгөх гэж байдаг чадлаараа зүтгэсээр байтал сурагч нь хэт бэлэн зүйлийг хүлээдэг болсон дутагдал энэ үед бий болсон. Дээд сургуулийн оюутан төлбөрөө төрөөс гаргуулж, улсаас цалин авдаг байсан нь ийм бэлэнчлэх сэтгэлгээний чухал хөшүүрэг болж байв. Чадвар муутай сурагчийг ч, чадварлаг сурагчийг ч аль алинийг нь заавал сургах л үүрэгтэй байв. Энэ бол 90-ээд оноос өмнөх явдал л даа.

Харин ардчиллын гэж нэрлэгдэх сүүлийн 20-иод жилийн хугацаанд энэ байдал эсрэгээр эргэв. Багш заах ёстой, хэлэх ёстой зүйлээ хэлээд л болоо, сурагч өөрөө нэмж, дэлгэрүүлж, бататгаж, нарийвчилж судлах шаардлагатай “шавь төвтэй сургалт”-ын бодлого бий болов. Бараг бүх мөнгө, зардал өөрөөс нь(буюу гэр бүлээс нь) гардаг учраас дэлгүүрт ороод талхныхаа мөнгийг өгчихөөд би талхаа авч явахаас залхуураад байна гээд орхиод явдаг хүн байдаггүйтэй адил сурагч бүр төлсөн мөнгөө дэмий үрэхгүй байхыг хичээх болов. Багш сайн ч бай, муу ч бай сурагч мэдлэг, боловсрол эзэмших л ёстой боллоо. Өмнө нь сурагчийг хөдөлгөх хүчээр хомсдож, хэрэг дээрээ систем өөрөө сурагчийг чөдөрлөж байсан бол энэ үед багшийг хөдөлгөх хүч багасаж, шинэ систем багшийг туших боллоо. Яагаад багшийг туших боловоо? Би хэлэх зүйлээ, заах зүйлээ хэлсэн, заасан, харин та өөрөө хичээж хөдөлмөрлөсөнгүй гэж хэлээд л хөөрхий сурагчийн мөнгийг аваад залгичихна. Ийм багш мөнгө олох боловч сэтгэлгээ нь тушигдсан байдаг. Дээрээс нь “дээд боловсролтой”, “магистраас дээш эрдмийн зэрэгтэй” хүмүүсийг ажилд авах дэндүү солиотой кампанит ажил улс даяар өргөн хүрээг хамран явагдаж байгаатай холбоотойгоор “багш мөнгө олох”, “сурагч дипломтой болох” хоёрхон зорилго дээд боловсролын системд үүссэн, бас энэ нь хэрэгжсэн. Үүний хэрэгжилтийг би “боловсрол төвтэй” сургалт гэж нэрлэж байна. Боловсрол хамгийн гол зорилго биш. Хамгийн гол нь хүн байж, хүн шиг амьдрах л хамгийн чухал зорилго байх учиртай.  

Залуусаа, одоо ийм байхаа больсоон, дэлхий дахинд. Харин манай улс дэлхийгээс хэтэрхий холдсон учраас энэ зангаасаа, энэ бодлогоосоо салаагүй байгаа бол бид л өөрчлөх ёстой болоод байна. Багш төвтэй ч биш, шавь төвтэй ч биш, боловсрол төвтэй ч биш, “хүн төвтэй” сургалт л өнөөдөр Монголд үгүйлэгдээд байна.

Баабар гэж нэг нөхрийг би ном уншдагийнх нь хувьд ихэд хүндэлдэг. Нэг удаа “одоогоос 250 шахам жилийн өмнө Шотландын аугаа эрдэмтэн Адам Смит Үндэсний баялаг бүрдэх шалтгааны судлал номондоо эдийн засгийн амьдралын гол хөдөлгөгч хүч нь хүний өөрийгөө хичээх үзэл болохыг нээжээ” гэж тэр бичсэн байсан. Өөрийнхөө төлөө сайн сурах, ихийг мэдэх ёстой шүү дээ гэсэн бодлыг сурагчид өгөөгүйдээ, ийм бодлыг ор тас орхигдуулсанд өмнөх системийн буруу байсан. Тэгвэл өнөөдөртөө л мөнгө олж байвал боллоо гэсэн нэн мөчид бодлыг багшид, маргааш дипломтой л болж байвал боллоо гэсэн өрөвдөлтэй бодлыг оюутанд суулгаж өгснөөрөө шинэ систем алдаатай болсон. Сайн оюутан, сайн мэргэжилтэн бэлтгээд байвал энэ нь эргээд эерэгээр нөлөөлж, намайг илүү их нэр хүндтэй, чадварлаг болгоно гэдгийг багш ойлгоогүй нь субъектив шалтгаан байсан бол өнөөх “дээд боловсролтой”, “магистраас дээш эрдмийн зэрэгтэй” хүмүүсийг ажилд авах солиотой кампанит ажил объектив шалтгаан нь болсон. Хэн ч, ямар ч хуульч, тогооч, уурхайчин улс, ард түмэн, эх орноо бодож энэ ажлаа хийдэггүй, харин өөрийн албан тушаал дэвших, орлого нэмэгдэхийг л бодож хийдэг. Багануурын уухайд ажиллаж байгаа хэдэн мянган хүнээс нэгийг нь дуудаад улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг, гадаад валютын нөөцийг өсгөхийн тулд та юу хийж байна вэ? гэвэл тэр хүн үнэндээ юу ч хэлэхгүй, харин өөрийгөө, гэр бүлээ, хүүхдүүдээ тэжээх гэж л ажиллаж байна гэж тэр хэлнэ. Амин хувиа хичээх үзэл-эгоизм бол хүний төрөлхийн, салшгүй шинж. Тэр ч байтугай озоны давхарга нимгэрээд, зарим газраа цоороод байгаа нь хөөрхий уурхайчинд пад байхгүй асуудал. Харин түүнтэй адилхан машин жолоодож, нүүрс зөөж байгаа мянга мянган хүний хувиа бодож, довоо шарлуулж яваа үйл хэрэг нийлэн нэгдэхээрээ дотоодын нийт бүтээгдэхүүнийг, гадаад валютын нөөцийг өсгөх хүч болдог.

Багш өөрийнхөө сайн сайхны төлөө, сурагч ч өөрийнхөө сайн сайхны төлөө өөр өөрийн хийж чадах зүйлийг л хамгийн дээд зэргийн чанартайгаар хийх нь хүн төвтэй сургалтын үндсэн зарчим болно. Чиний хийж чадахгүй ажлыг чиний төлөө биш, харин өөрийнхөө төлөө нөгөө уурхайчин хийж байна, гэхдээ тэр нь чамд хэрэг болж л байгаа биз дээ? Түүний хийж чадахгүйг харин та өөрийнхөө л төлөө хийх боловч энэ нь уурхайчны хүүхдэд боловсрол эзэмшүүлж байгаагаараа түүнд тус болж байна л гэсэн үг. Ингээд л Монгол улс хөгжих нь тэр.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: удаа

Сэтгэгдлүүд

2009-9-24 -

Бичсэн: arius
zov zov. gehdee bi huuhed bolgontoigoo ajillahiig l hicheedeg. ihenhi humuus ih surguulid bagsh n orj heden yum helcheel gardag gej boddog. yer n bol unen l dee gehdee bas oyutantaigaa oir dotno baij surgahiig ermelzdeg bagsh nar baidag.
. Шууд холбоос

Холбогдоогүй байна. Та blogmn.net сайтын нүүр хуудсаар нэвтэрч орсны дараа, энэ хуудсыг дахин дуудаж бүртгэлээрээ сэтгэгдэл үлдээх боломжтой. Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
Спэм хамгаалалт:
   

Миний тухай

ЭМХ ЦЭГЦГҮЙ=ӨӨР ЭМХ ЦЭГЦ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. synergetic.ru
. philosophy.ru
. Галаарид
. Хууль Сахиулахын Их Сургууль

Найзууд

Тоолуур

Миний блогийн 19051 дахь зочин та сайн байна уу?


© 2008
Бичлэг: 31 » Нийт: 35
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant